Хүүхдийн зан араншин өөрчлөгдөхөд эцэг эх юунд анхаарах ёстой вэ?
Эцэг эхчүүд болгон хүүхдээ аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсдэг. Тэд хүүхдүүдээ аз жаргалтай, өөрийнхөө насны хүүхдүүдтэй адилхан хөгжиж, боловсорч байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.
Хүүхдүүд зарим насан дээрээ сэтгэл нь тайван биш байх болон заримдаа зүггүйдэх гэх мэтээр зан ааш нь илэрдэг, гэхдээ энэхүү зан ааш нь цагийн явцад алга болох нь бий.
Заримдаа хүүхдийн ааш зан бусад насныхаа хүүхдүүдийг бодвол их өөр, ердийн биш, эсвэл урд байснаас шал ондоогоор өөрчлөгдөх мэтээр илэрдэг. Иймэрхүү өөрчлөлтүүд нь гэнэтийн буюу бас алгуур байж болох юм. Ямартай ч бай, ийм үзэгдлүүд илэрвэл та хүүхэддээ анхаарал тавьж сайн ойлгож, тусалж байх хэрэгтэй.
Хүүхдийн зан ааш ба мэдрэхүй.
Ерөнхийд нь авч үзэхэд, хүүхдүүд болон залуу хүмүүс дараахь зүйлүүдийг хийснээр хөгжил нь зөв зүйтэй явагддаг. Жишээлбэл:
- Тоглоом тоглох
- Гэр бүлийхэнтэйгээ хамт байх
- Найз нөхдүүдтэйгээ буюу өөрийнхөө үеийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх
Хүүхэд болгон уурладаг, айдаг, сэтгэл нь тавгүйтдэг, эсвэл гомддог. Ялангуяа ямар нэгэн зүйлс тэдний хүслээр болохгүй буюу нийцэхгүй үед энэ шинж тэмдгүүд илэрдэг. Ийм тохиолдолд хүүхэд болгон адил өөрийнхөө бодол санааг илэрхийлэхгүй.
Зарим хүүхэд сэтгэл санааг нь зовоож байгаа юмны талаар илэн далангүй ярьж болох юм. Гэтэл зарим хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхгүй дотроо хадгалж байх жишээтэй.
Ихэнх хүүхдүүд дотроо болж байгаа зүйлсээ ямар нэгэн ааш, зан үйлээр илэрхийлдэг. Тэрхүү хөдөлгөөнүүдийг нь та хянаж хүүхдээ яаж байгаа эсэхийг ойлгохыг хичээж байх хэрэгтэй.
Хэрвээ та хүүхдээ ууртай, эсвэл гунигтай байхыг ажиглавал, тэр үед нь хүүхэдтэйгээ сайн ярилцаж, туслах хэрэгтэй.
Зарим хүүхэд бусад хүүхдийг бодвол стресс болон сэтгэл санааны зовиур, айдсыг арай өөрөөр хүлээж авдаг. Асуудалтай тулгарах үед тэднийг ойлгодог, дэмждэг хүмүүс байх нь маш чухал.
Хүүхдийн зан төлөв, ааш араншин ямар ч насанд өөрчлөгдөж болох юм. Энэхүү асуудал нь таны бодож байгаагаас илүү ойр, ойрхон ч байж болох юм.
Хүүхэд голдуу 12-16 насандаа ааш зан нь хувирч өөрчлөгддөг. Гэхдээ заримдаа үүнээс ч эрт байж болох юм. Асуудлыг цаг тухайд нь шийдэхгүй бол улмаар даамжирч, улам хэцүү болж мэднэ.
Анхаарах зүйлс
Зан араншин
Ааш зан хувирч буй эсэхийг харахад их амархан. Уур уцаар, хүний үгийг сонсохгүй байх, эсвэл хэлсэн зүйлсийг биелүүлэхгүй байх, амьтадтай хэрцгий байдлаар хандах гэх мэт.
Сэтгэл санааны байдал
Сэтгэл санааны тавгүйтэл ба өөрчлөлт нь зан үйлийн илрэлтэй харьцуулахад амаргүй, тодорхой бус байдаг. Тухайлбал, ямар нэгэн юманд хүүхэд санаа их зовох, айх (хулгайч, аалз) гэх мэт эсвэл ямар нэгэн өвчнөөс айх зэрэг олон талын зүйлс байж болох юм.
Амиа хорлох явдал
Амиа хорлогчдын 10 хүний 9 нь ихэнхдээ сэтгэл санааны зовиур буюу дарамтны шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ таны хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл та мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Ааш зан, бодол, сэтгэл санааны асуудлууд юунаас болдог вэ?
Үүнд олон зүйл нөлөөлж болох юм. Жишээлбэл:
- Удамшил
- Сурч буй сургууль
- Хүүхдийн өөрийн сурах идэвх
- Найзуудтайгаа таарамж муутай байх
- Сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд
- Гэр бүлийн ба бэлгийн дарамтлал
- Архидалт
- Дотны анд нөхөд буюу гэрийхэн нь нас барах
- Өвчин, гэмтэл бэртэл
- Гэр бүл салалт
- Гэр бүлийн түгшүүртэй байдал
- Аав ээж, асран хамгаалагчийн ажилгүйдэл
- Орон гэргүйдэл
Эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Зарим хүүхдээс сэтгэл санааны дарамттай байх, хэлсэн зүйлсийг биелүүлэхгүй байх, эсвэл хүмүүстэй таарамжгүй байх болон сонирхолтой байсан зүйлсээ орхих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Сургуулиас өмнөх насныхан буюу 3-5 насныхны шинж тэмдгүүд:
- Хүүхдүүдтэй тоглохгүй байх
- Хэлд орохгүй байх, эсвэл хэлд орсоныхоо дараагаар ярихгүй байх
- Өөрсдийгөө гэмтээж бэртээх
- Сурсан юмаа хийхгүй байх
- Өсөж том болохгүй, жин нэмэхгүй байх
- Хүмүүстэй хэт ихэмсэг байх, гадны хүнийг гэр бүлийнх шигээ авч үзэх
- Хүмүүсийг үл тоомсорлох буюу ганцаараа байгаа мэтээр аашлах
- Эцэг эхээсээ хөндий байх
- Нэг юмаа давтаад байх
Бага ангийн насныхны шинж тэмдгүүд:
- Үргэлж уйлагнах
- Ганцаараа үлдэхээс айх
- Хэт их унтах
- Хэт их хөдөлгөөнтэй байх
- Айж ичиж, зүүдлэх
- Сургуулиас зохиогдох тэмцээн уралдаанд идэвхтэй оролцохгүй байх
- Учир зүггүй инээх, эсвэл уйлах
- Өмдөндөө шээх болон хүндээр бие засах
- Хүний үгийг сонсохгүй байх
- Хэт их юм мөрөөдөх, түүнээс болоод бусад зүйлсээс анхаарлаа сарниулах
- Уур уцаартай байх
- Амьтдыг зовоох, тамлах
- Галаар тоглох
Өсвөр насныхны шинж тэмдгүүд:
- Ганцаардмал байдал
- Сургуулиас зохиогдох үйл явдалд үл оролцох
- Архи тамхи хэрэглэх
- Идэж уух, унтах цаг нь өөрчлөгдөх
- Сургуулиас зайлсхийх
- Хулгай хийх
- Эд зүйлсийг эвдэлж сүйтгэх
- Таргалах, ямар ч шинж тэмдэггүй байхад таргалахаас айх
- Ямарваа зүйлд байнга санаа зовох
- Хий юм харах, сонсох
- Сэтгэлийн зовиур ихсэх
- Шалтгаангүй уурлах
- Хоол идэх дур сонирхол буурах
- Унтаж чадахгүй байх
- Үхэл бодох
- Шалтгаангүй уйлах
Хэрвээ таны хүүхдэд дээрх шинж тэмдгүүд ажиглагдах буюу эсвэл та энэ талаар санаа зовж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж, зөвлөгөө авах нь чухал. Асуудлыг анхан шатан дээр нь даамжруулахгүй, цаашид гарч болох аюултай хор хөнөөлөөс сэрэмжлэхэд тусална.
Эцэг эхчүүд юу хийх ёстой вэ?:
- Хүүхэдтэйгээ ойр дотно байж, анхаарал халамж тавих
- Хүүхдийнхээ зан аашинд өөрчлөлт гарч буйг сайн ажиглаж, анхаарч байх
- Өдөр болгон хэдэн хоромыг хүүхэдтэйгээ хамтдаа өнгөрүүлэх
- Хүүхдийнхээ хийх дуртай зүйлст анхаарал хандуулж, түүнийг нь дэмжиж байх
- Хүүхдээ өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлэхийг нь дэмжиж байх
- Та өөрөө хүүхдэдээ бусадтай яаж харилцаж байгаагаараа үлгэр жишээ болох ёстой.
- Хүүхдийнхээ хажууд гэр бүлийн асуудлыг хэлэлц, оролцуул
- Бүдүүлэг хэрүүл, зодооныг хүүхдийнхээ дэргэд хийхээс тэвч
- Хүүхдээ бусад хүүхдүүдтэй бүү харьцуул
- Хүүхдээ үргэлж дэмжиж, сайн зүйлийг нь хэлж байх
- Хүүхдээ бусадтай найзалж нөхөрлөхийг дэмжиж байх
- Хүүхдэдээ хайр халамжаа үргэлж мэдрүүлж байх
- Таны хүүхдийн дотоод эрүүл мэнд, сэтгэл зүй нь биеийн эрүүл мэнд шигээ чухал гэдгийг үргэлж санаж анхаарал тавьж байх хэрэгтэй.